Бид өөрсдийн ээж, аав, гэр бүл, эмээ, өвөө, хайртай хүнээ гэх мэт хүмүүсийг “мөнх” хэмээн боддог. Хайртай хүмүүсээ явуулсныхаа дараагаар хэр их үнэ цэнэтэй, эрхэм нандин байсныг нь ухаардаг. Өмнө нь хийсэн үйлдлүүдээ ухамсарлах үед би түүнийг хэзээ ч ойлгодоггүй, хайрладаггүй, үл ойшоодог байснаа сөхөж бодох үед нүдэнд нулимс цийлэгнэдэг.

Та амьдралдаа аав ээж, эмээ өвөөдөө хэдэн удаа“хайртай” гэж хэлж байсан бэ? Хожим нь хэлдэг, мэдрүүлдэг байжээ гэж бодохгүйн тулд одоо л чадах бүхнээ дайчилж аав ээжийгээ баярлуулж, туслаж, хайрла.

Би ахмад настан, надаас ахимаг насны хүмүүсийн үгийг сонсоход бүгд л “хийсэн биш хийгээгүй, хийж амжаагүй зүйлдээ харамссан байдаг”. Тэдний харамссан зүйлийн ихэнхи нь эхнэр, нөхөртөө хайртай гэж хэлж амжаагүй , хайрыг мэдрүүлж чадаагүй учраас бурхны оронд одсон, салсан, хагацсан байдаг. Зарим нь аав ээжийгээ багадаа алдсан, аав ээжийгээ үл ойшоодог, чихнээс нь хонх уядаг байсан даа ядаждаа ганц удаа хайртай шүү гээд хэлчихсэн бол… хэмээх үгийг сонсоход  би хурдан гэр лүүгээ хариад л аав ээжийгээ чангаас чанга тэврээд “хайртай шүү” гээд хэлчихмээр санагддаг.

  Би ээждээ хайртай гэж хэлж байгаагүй, түүнийг баярлуулачихаж ч байгаагүй. Олон Улсын Эмэгтэйчүүдийн Баяраар тоосон ч шинжгүй, “би өөрөө эмэгтэй юм чинь” гээд зүгээр суудаг байсандаг. Тэр үед ээж минь хичнээн ядарсан ч надад гарынхаа хоолыг хийж өгч, бэлэг өгдөг байсан. Одоо бодохнээ баярлалаа гэж хэлсэн үү гэдгээ санадаггүй. Харин ээжийгээ нас барахад л би маш олон хуудастай ном уншсан юм шиг л бүх зүйлийг ухаарсан. Хүн хайртай хүнээ алдахаар хамгийн хэцүү байдалд ордог юм билээ. Ялангуяа “ээж” гэдэг хүнийг маш ихээр санан үгүйлдэг.  Тийм ч учраас та бүхэн ээж аавыгаа амьд байгаа дээр нь хайрлаж, баярлуул. Баярлуулахад тийм ч хэцүү бишээ. Заавал мөнгө, материаллаг зүйл хэрэггүй шүү дээ. Чин сэтгэлээсээ баярлуулахад л ээж чинь тэнгэр дээр гарсан юм шиг баярлах болно. Жишээлбэл, төрсөн өдрөөр нь түмпэн авчраад хөлийг нь угааж өгөх ч юмуу, эсвэл хайртай шүү гээд тэврэхэд л хангалттай. 

Ээж, аавыгаа байгаа дээр нь л хайрлаарай. Одоо тэр найз залуу/охин яах вэ, олддог л зүйл. Хамгийн гол нь хорвоод ганц орших амьд бурхдынхаа ачийг нь жоохон ч болов хариулаарай.

 

 

Advertisements